2021 онд биднийг хүлээж байгаа адал явдалууд

Ахиад 12 сар, 365 хоног биднийг угтан авлаа. Энэ онд бид бүхэн хамтдаа:
1. Хамгийн түрүүнд COVID-19 - Аль хэдийн 80 гаруй сая хүнд халдаж, 1.8 сая алтан амийг авч одсон өвчин дээр Дарна гэдэг үг ашиглах нь өөрөө өрөөсгөл үг байж мэднэ. Тиймдээ ч дарж биш давж, хожмоо зохицож чадах эсэх нь илүү чухал болсон талаар экспертүүд онцолсоор.
2021 он дэлхий нийтийн хувьд сэргэн мандлын жил байх учиртай. Түүхэн хурдаар бүтээгдсэн вакцины үйлдвэрлэл түргэсэж, дайнаас хойшхи хамгийн том ложистикийн сүлжээний зохион байгуулалт түүнийг дэлхийн өнцөг булан бүрд түгээх учиртай. Moderna, AstraZeneka, Oxford-ийн вакцин хууль сахиулагчдаас зөвшөөрөл авч тараагдаж эхлээд байна.
Гэхдээ үүнээс илүү муу хувилбарууд байгааг ч мартаж болохгүй. Гурав, дөрөв дэх давлагаа илүү тархдаг мутажсан хэлбэртэйгээр түгэж байгааг судлаачид илрүүлээд буй. Вакцин урт хугацаандаа сөрөг нөлөө үзүүлдэг байж болохыг ч үгүйсгэж чадахгүй. Хувьсан өөрчлөгдсөн шинэ төрлийн, шинэ хэлбэрийн коронавирус ч тархаж мэднэ.
Нэг зүйл гэхдээ тодорхой. Хүн төрөлхтөн ямар ч нөхцөлд дасан зохицож чадна. Зайгаа барьдаг, гэрээсээ ажилладаг, алсаас харьцдаг, захиалгаар сонгодог амьдралын хэв маяг бидний дунд хүчтэй байр суурь нэгэнт эзэлжээ. 2022 оны шинэ жилээр ч бид масктай байна. Амьд үлдэхийн тулд бидэнд үүнээс өөр сонголт үгүй.
2. АНУ-ын шинэ ерөнхийлөгч Жое Байден - АНУ-ын шинэхэн ерөнхийлөгч Ж.Байден 1-р сарын 20-нд тангараг өргөнө. Түүний өмнө ковид, ялгаварлан гадуурхах үзэл, хуурамч мэдээлэлд автан хоёр туйл руу хуваагдсан нийгмээ нэгтгэх том сорил хүлээж буй. Үүнээс гадна Хятадтай харьцах бодлого, технологийн компаниудтай харилцах стратеги, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэлцэлд эргэн нэгдэх зэрэг үйл явц нь жилийн турш олны анхаарлын төвд байсаар байх болно.
3. 2021 оны 2-р сар тэр чигтээ сансрын мэдээгээр амьсгалсан өдрүүд байх болно. Учир нь тус сард БНХАУ, АНУ, АНЭУ-ын сансрын хөлөг ангараг гараг дээр газардах юм.
Улаан нүдэн гараг эртнээс хүмүүсийн зорихыг хамгийн их хүсдэг, яагаад ч юм хамгийн дотно, тэр хэрээрээ хамгийн их горьдлого төрүүлсэн цэг байсаар ирсэн. Тэгвэл эдгээр төслүүд шинжлэх ухааны олон асуултад хариулт аяллаа эхлүүлээд байна.
Хятадын хувьд хөрсний гадаргуу луу илүү анхаарч, ус, мөсний хуваарилалт, шинж чанарыг нь илүү судлахыг зорьж буй. Америкчууд гарагийн үүслийг мэдэх лүү илүү төвлөрч, амьдрах орчны судалгаа хийхээс гадна эртний амьдралын ул мөрийг олохыг хичээж байгаа гэнэ. Энэ жил түүхэн нислэг үйлдсэн Арабын Нэгдсэн Эмират Улсын хувьд тус гарагийн уур амьсгалын онцлогийн талаар мэдээлэл цуглуулах билээ.
Хүн төрөлхтний Ангараг гарагийг эзэмших их аялал чухам одоо эхэлж байна гэлтэй.
4. Энх цагт анх удаа хойшилсон Олимпийн наадам хуваарь ёсоор 7-р сарын 23-нд Токио хотноо ээхлэх учиртай. Гэсэн ч маш олон асуултын тэмдэг тэмцээний эргэн тойронд хөвөрсөөр. Орон нутгийн иргэд коронавирусын хямралын үед ийм том хэмжээний наадам хүлээн авахыг таашаахгүй байгаа ч Токио хотын захиргаа, Олон Улсын Олимпийн Хороонд буцах зам үгүй болсон мэт. Токиогийн Олимпийн зардал 22 хувиар өсөж, 15.4 долларт хүрчихсэн байгааг л онцолж дурдъя.
Үзэгчгүй заал, өдөр бүрийн шинжилгээ, цомхон нээлт зэрэг энэ наадмын гол дүр байх төлөвтэй. Тиймээс телевизийн шууд дамжуулалтын нөлөө энэ жил эрс өсөх учиртай. Нөгөө талаас элит тамирчдын бэлтгэл сургуулилалтын түвшин хөл хорионы улмаас харилцан адилгүй болсон учраас гэнэтийн ялагчид, санаанд оромгүй үр дүнгээр дүүрэн наадам болох магадлалтай. Эцсийн эцэст энэ л фанатуудад сонирхолтой байдаг биш гэж үү?
5. Цахим спорт - Уйтгартай сонсогдож магад. Гэхдээ хөл хорионы нөхцөл байдал цахим спортын хөгжлийг бүр ч илүү хурдасгаж орхив. Илүү олон тэмцээн, илүү олон тоглогч, илүү олон тоглоом. 2021 он цахим спортыг нийтээрээ хүлээн зөвшөөрч, "үндсэн спорт"-ын зэрэглэлд багтаах болно.

Нийтлэсэн: odko

freelancer

Сэтгэгдэл бичих

Design a site like this with WordPress.com
Эхэлцгээя